Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ

МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсын нийт казах иргэд ээ,

Эрхэм хүндэт Баян-Өлгийгчүүд ээ,

Хөрст дэлхий нойрноос сэрж, өвс ногоо соёлж, өдөр шөнө тэнцсэн тэгш сайн өдрийг бэлэгшээн тэмдлэглэдэг казах түмний маань далан зууны түүхтэй уламжлалт баяр, дорно дахины ард түмний шинэ жил Наурыз баярыг тохиолдулан эх орныхоо өнцөг булан бүрт амьдарч, суралцаж, нийгмийн бүх салбарт ажиллаж байгаа нийт казах иргэд Та бүхэндээ чин сэтгэлийн халуун мэндийг хүргэж, түмэн олноороо эрүүл энх, эгэл хотлоороо амар амгалан, дүүрэн билэгтэй, түвшин жаргалтай байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлж, сэтгэлийн цэнхэр хадгаа өргөн баръя.

Наурызын баяр бол өвлийг өнтэй давж, урин дулаан хавартай учран золгосныг бэлэгдэн тэмдэглэж, хотол даяараа амар мэндээ мэдэлцэж, азай буурал аксакалуудыг хүндлэн дээдэлж, үнэт сургаалыг сонсч, өнгөрсөн жилдээ хийж бүтээснээ дүгнэн цэгнэж, ирэх оны хөдөлмөр бүтээлийг хэлэлцэн тодорхойлж, үндэсний соёлын үнэт зүйл болсон домборын аялгуугаар айтыс буюу харилцаа дуугаар уралдаж, үндэсний алдарт “Кара жорга”-г бүжиглэж ёс төгөлдөр баясан цэнгэдэг гайхамшигтай баяр, эв нэгдэл, найрамдал нөхрлөлийн бэлэгдэл төдийгүй, монголын казах иргэд ёс заншил, хэл, соёлоо хадгалж чадсаны тод жишээ юм.

Өвөг дээдсийн удмыг залгаж, ухааны өвлөсөн ажилч хичээнгүй, авьяаслаг, хөдөлмөрч казах иргэд эх орны тусгаар тогтнол, бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн бөгөөд тэдний дундаас улс орондоо нэртэй, удам хойчдоо хүндтэй улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, шинжлэх ухаан, соёл урлаг, боловсролын алдартнууд, эрдэмтэн мэргэд, хөдөлмөр бүтээлийн сайчууд олноор төрж гарсныг Наурыз баярын энэ өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна. Казах түмэн цаашид ч эх орныхоо төлөө ихийг бүтээж чадна гэдэгт итгэлтэй байна.

Уламжлалт Наурыз баяраа тэмдэглэж буй нийт казах иргэддээ шинэ ондоо элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан, Ахтан найрагчийн Агига бүргэд шиг эр зоригтой, домборын аялгуу шиг цог золбоотой, домогт Толбо нуур шигээ арвин тансаг дастархантай, идээ цагаа элбэг дэлбэг байж, амьдрал ахуй тань дэвжин дээшлэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх

2015 оны гуравугаар сарын 22.

001   

HomeМэдээМонгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ