Пиротехникийн хэрэгслийг ашиглах талаарх сэрэмжлүүлэг

Шинэ жилийн баярын үеэр пиротехникийн хэрэгсэл болох салют, бенгалийн гал, тэсрэх үйлчилгээтэй хэрэгслүүдийг иргэд, албан байгууллагууд ихээр хэрэглэдэг. Өмнөх жилүүдэд баталгаат бус пиротехникийн хэрэгсэл хэрэглэснээс болж иргэд хөл, гараа бэртээх тохиолдол бүртгэгдэж байсан. Манай улсад пиротехникийн хэрэгслийг худалдан борлуулах албан ёсны зөвшөөрөлтэй “Протек”, “Очир ундраа” гэсэн хоёр компани байдаг. Шинэ жилийн баяр болохтой холбогдуулан салют, пиротехникийн хэрэгслийг зөвшөөрөгдсөн газраас худалдаж авах, мэргэжлийн хүмүүсээр буудлага хийлгэх шаардлагатайг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна. Харин иргэд хувиараа урд хөршөөс хаана үйлдвэрлэсэн, хэрэглэх заавар  зэрэг нь тодорхойгүй бүтээгдэхүүнийг үнэ хямдаар оруулж ирсээр байна. 

Үүнтэй холбогдуулан Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар хамтран төлөвлөгөө боловсруулан батлуулж худалдаа үйлчилгээний төвүүд, шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж, эргүүл шалгалт хийж ажиллаж байна. Иймд ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

Баян-Өлгий аймагт үйл ажиллагаа явуулж буй худалдааны цэгүүдэд мэргэжлийн байгууллагын хяналтгүйгээр худалдаалагдаж байгаа салют, бенгалын гал, гэрэл гаргах хэрэгслийн /пиротехникийн хэрэгсэл/ ашиглалт, хадгалалтанд мөрдөх зааврын талаар  худалдаа, үйлчилгээ эрхлэгч та бүхэнд дараах зөвлөмжийг хүргэж байна.

Монгол улсын Засгийн газрын 2006 оны 149 дүгээр тогтоолоор батлагдсан “Пиротехникийн хэрэгслийг импортлох, ашиглах дүрэм”-ээс:

1.Пиротехникийн хэрэгсэл импортлох, бөөнөөр худалдах аж ахуйн нэгж, иргэн нь тухайн хэрэгслийн зориулалт, тоо хэмжээ, хадгалах, тээвэрлэх нөхцөл зэргийг тодорхой заасан өргөдлийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргаж бүртгүүлсэн байна.

2.Пиротехникийн хэрэгсэл жижиглэн худалдах аж ахуйн нэгж, иргэн нь тухайн нутаг дэвсгэрийн мэргэжлийн хяналтын байгууллагад бүртгүүлсэн байна.

3.Худалдан борлуулах пиротехникийн хэрэгслийг галын аюултай материал, хэрэгсэл хадгалах шаардлага хангасан агуулахад хадгална.

4.Пиротехникийн хэрэгслийг бөөнөөр худалдан авч байгаа аж ахуйн нэгж, иргэд худалдаалагч байгууллагаас барааг, ашиглах заавар, аюулгүй ажиллагааны зааврын хамт авах шаардлагатай.

5.Худалдааны байгууллага нь салют, бенгалын гал, гэрэл гаргах хэрэгслийг иргэдэд худалдаалахдаа ашиглах заавар, аюулгүй ажиллагааны зааврын хамт худалдана.

6.Пиротехникийн хэрэгсэлд хамаарагддаггүй хэрэгслийн нэг болох динамитыг импортлох, худалдахыг хориглоно.

7.Пиротехникийн хэрэгслийг ашиглах, хадгалах талаар өгсөн зааврыг зөрчсөн тохиолдолд Монгол улсын Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэнэ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

001   

HomeМэдээПиротехникийн хэрэгслийг ашиглах талаарх сэрэмжлүүлэг