Урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдахыг анхааруулж байна

Аймгийн Засаг даргын “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” 2015 оны А/414 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн төвд тарваган тахал болон мал, амьтны гоц халдварт өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Зоонозын өвчин судлалын төвтэй хамтран Өлгий Цагааннуурын чиглэл, Сагсай Цагаан эрэг, Морин даваагийн чиглэлд “Хяналт шалгалт явуулах ажлын хэсэг”-үүдийг байгуулан ажиллаж байна.

Тарваган тахлын байгалийн голомтын идэвхи 7-9-р саруудад хамгийн өндөр байдаг.

Сүүлийн жилүүдэд тарваган тахлын байгалийн голомтын идэвхжил нэмэгдэж байгаа бөгөөд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Уянга сум, Ховд аймгийн Үенч, Баян-Өлгий аймгийн Сагсай, Бугат, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байгалийн голомт идэвхжиж, Завхан аймгийн Эрдэнэхайрхан болон Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Чандмань суманд тарваган тахлын өсгөвөр илэрсээр байна.

2009-2013 онд Баян-Өлгий аймгийн Сагсай, Цэнгэл, Завхан аймгийн Эрдэнэхайрхан, Улиастай, Ховд аймгийн Алтай суманд тарваган тахлаар хүн өвчилсөн 5 тохиолдол бүртгэгдсэн.

Иргэн та сэжиг бүхий үхсэн мэрэгч амьтдын сэг зэмтэй тааралдвал мэргэжлийн байгууллагад яаралтай мэдээлэх үүрэгтэй. Хэрэв халдвар авсан байж болзошгүй сэжигтэй хүн байвал түүнийг эд материалын хамт тусгаарлах, сэжиг бүхий эд материал, өвчтөний хэрэглэж байсан зүйлсэд онош тодрохоос нааш хүрэхгүй байх, тарвага агнах, өвчих, мах, түүхий эдтэй харьцахыг цээрлэх хэрэгтэй.

Мөн тарваган тахлын байгалийн идэвхтэй голомтот нутагт амьдардаг иргэд, ялангуяа анчин, тууварчин, жолооч нар урьдчилан сэргийлэх  вакцинд хамрагдах шаардлагатайг Онцгой байдлын газраас анхааруулж байна.

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

001   

HomeМэдээШуурхай зарУрьдчилан сэргийлэх вакцинд хамрагдахыг анхааруулж байна